Бэлэгдэл

Сайн ноён хан аймгийн Дайчин Жүн вангийн хошуу нь Халхын Умар замын Дундад баруун этгээдийн хошуу юм. Манжийн ноёрхолын үед 1872 онд эфү Цэрэнгийн хоёр хөвүүн Цэнгүнжавын төрсөн дүү Цэвдэнжав уг хошууны анхны ноён болсноос хойш 1922 он хүртэл бараг гурван жарны турш угсаа залгамжлан 10 ноёд хошуу захирсан байна.

Манжийн түрэмгийлэгч нарт үнэнчээр зүтгэж шалгарч баатар цол шагнагдсан Ц.Цэвдэнжав нь 1756 онд анх гэр дугантай Дашгомболин хийдийг Улаан даваанд байгуулснаас хойш 1758 онд Түйн голын Цагаан дэнжид Чогчин хурал номын сургууль, 1833 онд Цанид, 1870 онд Жүд дацан, Дэлгэр, Өлзийтэд, Цагаан Даяны хүрээ, 1869 онд Мамба дацан, 1885 онд Дүйнхэр дацанг байгуулж эдгээр хүрээг Бэгт Чойнхорлин Дашгэмпилэн хэмээнэ гэжээ.

Богд хаант Монгол Улсын үед 1911-1922 онд Хошуу ноёноор Ц.Гүргэмжав, 1918-1922 онд түүний 2-р хөвгүүн Г. Соронзонгомбо угсаа залгамжлан захирчээ. 1918 оны тоо бүртгэлээр өрх 471, хүн ам 2639, үүнээс эмэгтэй 1114, эрэгтэй 1525 байснаас тайж 29, хамжлага ард 307, лам 756, албат ард 309, сул иргэн 124 байжээ. Мөн тэмээ 1778, адуу 7894, үхэр 6502, хонь, ямаа 33167, бүгд 49341 толгой малтай байснаас 5216 нь хүрээ жас, ноёных, 44125 нь харъяат ард иргэдийн мал байв. Ардын засгийн эхний жилүүдэд 1923-1931 онд Цэцэрлэг Мандал уулын Түйн голын хошуу гэж нэрлэгдэн байсан. Энэ үед Их овоо, Хөшиг уул, Хөх нуур, Эрдэнэцогт гэсэн 4 сумтай байв. Хошууны даргаар Ванчингийн Дамдинсамбуу мээрин олны хүсэлтээр сонгогдон ажиллаж байлаа. Энэ хошууны хил хязгаар нь зүүн талд Түйн гол, зүүн өмнөд талд Номгон уул, баруун талд Хар нүдэнгийн худаг, Тарваган тээг, баруун хойш Гүн даваа, Молцог хойт талд  Хөл саяын даваа, Салаагийн эх хүрнэ гэж тус тус цэсэлсэн байдаг.

Дайчин Жүн  вангийн хошуунд байсан овгууд нь Боржигон, Урианхай, Сартуул, Өөлд, Бэсүд, Олонхууд, Харчин, хошууд Хэргэс, Жаагийнхан, Манхилаг, Рашааныхан, Харьт, Хэвлийнхэн  зэрэг юм.

1931 онд Өвөрхангай аймгийн Эрдэнэцогт сум гэгдэн 15 багтайгаар эхлэн байгуулагдаж байсан бөгөөд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1946 оны 35-р тогтоолоор Эрдэнэцогт сумаас 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар багууд буюу 7 баг, Баацагаан сумаас 2 баг бүгд 9 баг, 632 өрх 2675 хүн ам, 104 мянган малтайгаар “Баянхонгор аймгийн Баян-овоо сум” гэж нэрлэн эдүгээгийн оршин буй Хөх нуурын хөвөөнд төвхнөсөн байна

Суртчилгаа

Биднийг дэмжээрэй

ЗАР МЭДЭЭ