Академич Дуламжавын БАТСҮРЭН (1950-2020) 2006 онд сонгогдсон - (Химийн шинжлэх ухаан)

Химийн багш, биоорганик химич, бүтцийн органик химич 

1950 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Олон худаг хэмээх газар төржээ. 1968 онд Баянхонгор аймгийн төвийн 10 жилийн сургуулийг дүүргэж, 1969-1973 онд МУБИС-ийг химич мэргэжлээр төгссөн. 

1979-1982 онд ЗХУ-ын Ташкент хотын Ургамлын бодисын химийн хүрээлэнд аспирантурт суралцаж “Дагуурын хүж өвсний кумарин, флавоноид, лигнаны химийн судалгаа” сэдвээр химийн ухааны дэд эрдэмтэн, 1992 онд “Монгол оронд ургадаг зарим ургамлын физиологийн идэвхит нэгдлийн химийн судалгаа” сэдвээр химийн шинжлэх ухааны доктор (Sс.D)-ын  зэрэг хамгаалсан. 2006 онд ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ. 

1973 оноос ШУА-ийн Химийн хүрээлэнд ЭШДаА, ЭШДА, ЭШАА, ЭШТэА, 1998-2001 онд Эмийн заводын гүйцэтгэх захирал, 2002 онд  Хими, химийн технологийн хүрээлэнд Байгалийн нэгдлийн химийн лабораторийн эрхлэгч, 2010-2015 онд Хими, химийн технологийн хүрээлэнгийн захиралаар ажиллаж байв. 

2001 онд Монгол улсын Төрийн шагнал, 2002 онд МУБИС-ийн профессор, 2009 онд Хөдөө аж ахуйн ШУА-ийн гишүүн, 2016 онд Ерөнхий сайдын нэрэмжит Байгаль, нийгмийн  ухааны  зуун сая төгрөгийн шагналыг хүртсэн.   

Монгол орны 30 гаруй эмийн ургамлаас 300 гаруй бодис цэврээр ялгаж тэдгээрийн бүтэц байгууламжийг тогтоосны дотор 43 байгалийн шинэ бодисыг нээснээс гадна  хорт хавдрыг эмчлэх  ба урьдчилан сэргийлэх  дауринол нэртэй байгалийн шинэ агент олжээ. Байгалийн нэгдлийн хими, хавдар судлал, эмийн  хими, бүтцийн органик химийн  салбарт зонхилон ажилласан байна.

2023-12-05 13:12:39