БАЯН –ОВОО СУМЫН ТАНИЛЦУУЛГА

Ерөнхий мэдээлэл

БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1946 оны 06-р сарын 03-ны өдрийн 03 тоот тогтоолоор Эрдэнэцогт сумаас 7 баг, Баацагаан сумаас 2 баг бүгд 9 баг, 632 өрх 2675 хүн ам 104 мянган малтайгаар тасран одоогийн оршин буй Хөхбүрдний нуурын хөвөөнд төвхнөсөн юм. Мандалхайрхан, Уранхайрхан, Асгамба, Мэргэн гэсэн 4 багийн нийт 865 өрхийн 2,533  хүн амтай. Үүнээс эрэгтэй 1205, эмэгтэй 1164 юм. Хүн амын тоогоор Баянхонгор  аймгийн 20 сумаас 13-т, газар нутгийн хэмжээгээр 11-т ордог байна.

    Байршил:

             Баянхонор аймгийн Баян-овоо сумын төв нь Улсын нийслэл Улаанбаатар хотоос 646 км, аймгийн төвөөсөө 26 км зайтай оршдог. Зүүн хойд талаараа Эрдэнэцогт сумтай 32 км, зүүн талаараа Баянхонгор сумтай 16 км, зүүн урд талаараа Өлзийт сумтай 34 км, урд талаараа Жинст сумтай 23 км, Баруун урд талаараа Баацагаан сумтай 55 км, баруун талаараа Бөмбөгөр сумтай 38 км, баруун хойд талаараа Галуут сумтай 82 км газраар тус тус хиллэж далайн түвшинээс дээш дундажаар 2250м өндөрт өргөгдсөн, хамгийн өндөр цэг нь Байшинтын таг/3242м/, хамгийн нам цэг нь Өтгөний хоолой /1640м/ км юм.

            Баян-овоо сумын зүүн уртрагагт 98С 31, Дэлхийн цагийн бүсийн 7-р бүсэд оршино.

            Газар нутаг:

            Нутаг дэвсгэрийн нийт талбай 324.449 га талбайтай, хилийн эргэн тойрны урт нь 310км, баруунаас зүүн зах хүртэл 36 км, хойноос урагшаа 90 км, урд захын цэг нь Өтгөн ус, хойд захын цэг нь Байшинтын таг, баруун захын цэг нь Хотлын гүний худаг, зүүн зах нь Хүйтэн саар, өндөр толгой юм.

Уул ус, хөрс, ургамал, байгалийн бүс бүслүүр, хангай, хээр, говийн төрх байдал хосолсон Гурван бүсийн нутагтай. Хангайн нурууны  баруун урд талын ойт хээрийн, хар шороот ойн бор хөрстэй энэ бүс бүсрлүүр нь нутаг дэвсгэрийн 12%-ийг эзэлэн оршино. Хангайн бүс бүслүүрийн үргэлжлэл хээрийн чулуурхаг хөрс бүхий хялгант хээрийн бүс, сумын нийт нутаг  дэвсгэрийн 78 гаруй хувийг эзлэх бөгөөд Мараа, хужиртай, шаварлаг хөрс бүхий говийн зарим бүс бүслүүр 10%-ийг нь эзлэн оршино. Нутаг давсгэрийн 88% нь малын бэлчээрт маш тохиромжтой Говь, Хангай,  Хээр хосолсон уудам сайхан нутаг юм.

            Газарзүйн онцлог:

             Юрийн болон Цэрдийн галавын үед бий болсон Шохойн  болон Хүрмэн чулуугаас тогтсон уул, нуруутай. Уул нуруу баруун хойноосоо зүүн урагшаа чиглэсэн байрлалтай. Дөвөнтийн шар бүрдийн, Майхан цахирын, Баянтээгийн, Цохионы гэсэн 25-50 гаруй үргэлжилэн тогтсон томоохон нуруутай. Мөн Байдсын өвөр, Худгийн өвөр, Долоогийн өвөр, Хээрийн өвөр, Цахирын өвөр гэсэн уулсаар хүрээлсэн нөмөр нөөлөг бүхий газрууд Уранхайран, Халзан хайрхан, Мандалхайран гэсэн өвөрмөц тогтоцтой уул Баянтээг, Хөвшихын тээг, Зодохыг тээг, Могойн тээг, Таравган тээг, Нам тээг, Цагаан тээг, Мэлтэсийн тээг гэсэн сөнөсөн гал уулын хүрмэн чулуугаас тогтсон уулс, Хөхбүрд, Шар бүрд, Хөх эргийн, Агьтийн, Шар хөндийн, Савханы, Үүдийн, Цахирын дуурсахын мэргэний гэсэн уужмс сайхан хөндий цайдамууд, хүн малын ундаа болсон Уртын, Гучингийн гол, Нарийны гол зэрэг голуудтай, Хөхбүрд, Шарбүрд,гэсэн бүрд тойрон нуруудтай. Төв азийн гадагш урсгалгүй сав газарт багтдаг.     

 

      Усан сан бүхий газар:

      Нарийны гол 45 км, Уртын гол 26км урт цэнгэг устай. Хөхбүрд нуур 1,2 км2 талбайтай. Олон овоо, Баруун булаг, Дунд булаг, Хадат булаг,Улан булаг, Цагаан булаг гэсэн мөнхийн ундарал булагтай.  Өтгөн шанд, Овоо хаяа, Шийрийн гэсэн шандуудтай.

Долоодын худаг, Алаг нохойт, Шар нохойт, Шувуун үүрт, Дөрвөлжин худаг, Дэрсэн худаг, Уулын худаг, Арын худаг,  Олон худаг гэсэн гүнээрээ 20-оос дээшгүй метр гүнтэй ус ихтэй, энгийн худаг 78 гүн өрмийн худаг  62 байна

Бавцах, Зодох,Савх гэсэн эртний аймгуудын тулаан хийж байсан газраар, Могойн тээг, Тарваган тээг,  Хоолт, Манж, Бүрхэн, Хотил, Агьт, Цахиурт гэсэн ан амьтан болон аливаа нэгэн байгалийн баялагаараа нэршсэн газрууд олон байдаг.

2023-12-01 17:00:04