Засаг даргын мэндчилгээ

Орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх нь шилжилтийн болон хөгжиж буй орнуудын Засгийн газрын хувьд тулгамдсан зорилт болоод байгаа бөгөөд үүнд олон улсын хөгжлийн байгууллагууд ч ихээхэн ач холбогдол өгч, төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

Монгол Улсын хувьд ядуурал, ажилгүйдэл эрс буурахгүй, хот хөдөөгийн хөгжлийн түвшний ялгаа улам ихэсч, үндэсний орлогын тэгш бус хуваарилалтаас үүдэлтэй нийгмийн тэнцвэргүй байдал гүнзгийрэх чиг хандлагатай болж, хүний хөгжил удааширч байгаа нь богино хугацаанд эдийн засгаа эрчимтэй хөгжүүлэх, тэр тусмаа орон нутгийн жигд хөгжлийг хангах хэрэгцээ шаардлагыг бий болгож байна.

Монгол Улсын Их Хурал 2001 онд “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, 2008 онд “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг баталснаар 2021 он хүртэл бүс нутгийн хүрээнд аймаг орон нутгийг эдийн засгийн талаар бие даан хөгжүүлэх бодлогоо тодорхойлсон байдаг. Энэхүү бодлогод нийцүүлэн сум орон нутгийн түвшинд дунд болон урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөтэй болох асуудал маш чухал юм. Уг асуудлыг шийдвэрлэхэд нутгийн иргэдийн идэвхтэй оролцоотойгоор, хэрэгцээнд суурилсан хөгжлийг төлөвлөх, түүндээ бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, орон нутгийнхаа нөөц бололцоонд түшиглэн эдийн засгийн салбаруудыг хөгжүүлэх, өрсөлдөх чадвар, бүтээмжийг дээшлүүлэх, төр, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалан нөөцийг нь зөв зохистой ашиглах зэрэг шинэ үзэл баримтлал, шинэлэг арга замаар хандах нь нэн шаардлагатай болж байна.

Баян-Овоо сум нь газар нутгийн хувьд говь, хангай, тал хээр хосолсон өвөрмөц тогтоцтой мал аж ахуй, газар тариалан эрхлэх таатай нөхцөл бүрдсэн гурван бүсийн нутагтай алт, нүүрс, газрын тос гэх мэт байгалийн баялаг ихтэй, хүн ард нь ажилсаг, оюунлаг, авъяаслаг нутаг.

Дээрх шаардлага, нөөц бололцоондоо тулгуурлан иргэдийн ажилгүйдэл ядуурлыг бууруулах, орлогыг нэмэгдүүлэн амьдрал ахуйг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай чанартай хүргэх, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалан баялагийг зүй зохистой ашиглах зэрэг тулгамдсан асуудлуудад хөрөнгө, хүчээ төвлөрүүлж, хөгжлийнхөө алсын хараа, зорилго, зорилтоо тодорхойллоо.

Засаг дарга миний хувьд сумынхаа онцлог нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, одоогийн хөгжил, давуу болон сул тал, боломж бололцоо, ард олны оюун билэг, авьяас чадварын шавхагдашгүй хүчин зүйлд тулгуурлан хөдөө орон нутгийн иргэдэд эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, төлөвлөх арга барилд суралцах бизнесийн өрсөлдөх чадвар бүтээмжээ нэмэгдүүлэх бүхий л тал дээр хамтран ажилласан Мэрси кор Олон улсын байгууллага, Монголын нутгийн удирдлагын холбоо, нутгийн уугуул иргэдэд талархал илэрхийлье.

Цаг агаарын эрс тэс уур амьсгал, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хуурайшилт, цөлжилт, усны нөөц багасаж байгаа болон нөгөө талаасаа Баянхонгор аймгийн төвөөс 26 км буюу томоохон зах зээлтэй ойрхон оршдог нь бидний тавуу тал хэмээн үзэж хөдөө аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэхэд анхаарлаа хандууллаа.

Бид сумынхаа хөгжлийн стратеги төлөвлөгөөг 12 жилийн хугацаатайгаар 2024 оныг хүртлэх хугацаанд боловсруулан гаргаж бүс нутаг аймгийн хэмжээнд хөдөө аж ахуйн эрчимжүүлэлтээр өрсөлдөхүйц сум болохыг зорилоо.

Бидний өвөг дээдэс үеийн үед сайн ажиллаж, сайхан амьдарч, өөрийн нутаг усныхаа нэр төрийг өндөрт өргөсөөр ирсэн түүхтэй билээ. Дэлгэр өлгий нутаг, тэгш сайхан байгаль, онгон тагшин уул ус, унасан газар шороогоо унаган төрхөөр нь нандигнан хадгалж, цэвэр ариунаар нь хайрлан хамгаалж, бидний үед өвлүүлж ирсэн ухаантай, буянтай хүмүүсээ. Тэдний үндэстнийхээ өв, бүтээсэн бүхнийг өнгөтэй өөдтэй байлгаж, даяарчлалын нийгмийн жишгээр хөгжүүлж, хойч үедээ хүлээлгэн өгөх хариуцлагатай, хүндтэй үүрэг бидэнд түүхэн хувь тохиолоор ногдсон билээ.

Үүнийгээ гүнээ ухамсарлаж “Хүний хөгжил, уламжлалт ёс заншлаа дээдлэн дэд бүтэц, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал хөгжсөн, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, хөдөө аж ахуйн салбарын хөгжлөөр өрсөлдөхүйц сум болно” гэсэн эрхэм зорилгыг алсын хараагаа болгосон сумын хөгжлийн стратеги төлөвлөгөө, түүнд дэвшүүлсэн зорилго, зорилтууд, хөтөлбөр, төслүүдийг ажил хэрэг болгон сумынхаа хөгжил дэвшилд өөрчлөлт авч ирэх үйлсэд дан ганц төр, захиргааны байгууллага бус манай бүтээлч, хөдөлмөрч иргэд, нутгийн уугуул иргэд, сумаас төрөн гарсан эрдэмтэн мэргэд, төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчид та бүхнийг бие сэтгэл, хөрөнгө хүчээ зориулна гэдэгт итгэлтэй байна.

Иймд хөгжлийн энэхүү стратеги төлөвлөгөө нь “СУМЫН ХӨГЖИЛД ТАНЫ ОРОЛЦОО, НУТГИЙН ХӨГЖИЛД БИДНИЙ ЗҮТГЭЛ” урианд нэгдэж байна.

 

БАЯН-ОВОО СУМ  МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ.

2022-04-23 15:25:24